Компьютер, гар утас, Ipad, macbook, таблет нь орчин цагийн хэн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон. Дээрээс нь нэмээд энэ бүхнийг интернэттэй холбохоор бидний амьдрал “төгөлдөршиж” буй нь тэр. Фэйсбүүк, твиттер, инстаграм, ви чат, жи мэйл ашиглаад хорвоо ертөнцийн аль ч хэсэгт “хүрч чадна”. Цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн цаг хугацаа хэмнэж, бичиг цаасны ажлаа хөнгөвчилж буй. Тухайлбал, Монголд байгаа ач охин нь Америкт амьдардаг өвөөтэйгөө нүүр нүүрээ хараад ярилцаж болно. Бүр бизнесийн гэрээ хэлцэл хийж, цахим гарын үсгээр түүнийгээ баталгаажуулах болсон цаг. Өөрөөр хэлбэл, цаасан дээр бичсэнээ, бичгийн машинаар товших хөг нь өнгөрсөн эринд бид аж төрж байна. Бидний эмээ, өвөөгийн үеийнхэн бол гадаадад сурч байгаа ойр дотнын хүнтэйгээ хэдэн жил уулзаж чаддаггүй байсан гэх. Хааяа нэг захиа авч, хэдэн өдөр дараалан захиалга өгч, өдөржин хүлээж, орой хэрд гадаадад суугаа хань ижил, үр хүүхэдтэйгээ ярьдаг байж. Цахим эрин хөгжсөнөөр энэ бүх хүндрэлд баяртай гэж хэлсэн. Гэхдээ байзнаарай. Ойр дотнынхон тань өглөө үдэшгүй цахим ертөнцөөр аялдаг болсон юм биш биз. Хүүхдүүд нүднийхээ доод хэсгийг хөхөртөл, цонхийтлоо дэлгэц ширтээд байна уу. Дэлгэц таны, миний, бид бүгдийн амьдралыг захираагүй биз дээ.
Компьютероо хэсэгхэн зуур унтраагаад, гар утаснаасаа түр боловч хөндийрөөд өөрийгөө бас үр хүүхдээ ажиглаад нэг үзээрэй. СЭМҮТ-ийнхний хэлж буйгаар өсвөр насныхны 97 хувь нь гар утас, 93 хувь интернэт хэрэглэдэг болжээ. “Ердөө л орчин цагийнхны өдөр тутмын хэрэглээ шүү дээ” хэмээн уншигч Та бодож магад. Тийм ээ, компьютер, гар утас өдөр тутмын хэрэглээ. Гэхдээ монголчууд, тэр дундаа өсвөр насныхны цахим хэрэглээ хэрээс хэтэрч, эрүүл мэнддээ хохирол учруулж эхэлснийг дуулгая. Ийм хэрэглээ хүүхдүүдийг багаас нь томчуудын ертөнцөөр аялуулж, бэлгийн донд автуулах болсон гэх. Улмаар өсвөр насныхан насанд хүрэгчдийн сайт руу байнга орж, садар самуун кино үзэж, дэлгэцийн гэхээсээ илүү сэтгэцийн донтой болж буйд эмч нар санаагаа чилээж байна.
Үүний нэг адил дэлгэцэд донтсон өсвөр насныхан цагдаагийнхны анхааралд өртөөд амжсан. Дэлгэц ширтсээр эцэс төгсгөлгүй хүчирхийлэл, аллагад тархиа угаалгасан тэд гэмт хэргийн ертөнцөд хөл тавих нь нэмэгджээ. Харин завгүй амьдралдаа түүртсэн томчууд үүнийг огт анзаардаггүй, анхаардаг ч үгүй. Тиймээс дэлгэцэд донтсон өсвөр үеийнхний нэг хэсэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө хэсэг нь хэрэг зөрчилд холбогдсоор байна. Тухайлбал, ах дүү хоёр оюутан саяхан СЭМҮТ-д эмчлүүлжээ. Нэг нь сургуулиасаа гарахдаа тулсан, нөгөө нь бүтэн жил хичээлээ тасалсан байсныг эцэг, эх нь мэдээгүй гэнэ. Төрсөн ах, дүүс бүтэн жил РС тоглож, эцэстээ эмнэлэгт хүргүүлсэн байна.
Зарим эцэг, эх хүүхдээ саатуулах гэж зурагтаа өдөржин асаалттай байлгадаг. Хүүхэд өдөржин дэлгэц ширтэж, нүд нь ядарч, хараанд нь өөрчлөлт орж буйг мэддэггүй. Дэлгэц ширтэн удаан суухаар хөдөлгөөний дутагдалд орж, таргалдаг. Хамгийн гол нь хүүхдүүдийн үздэг кино голчлон нэгнээ зодож, хөнөөсөн, өс зангидсан, хүчирхийллийн агуулгатай. Энэ нь хүүхдийн төлөвшилд сөрөг нөлөөтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Томчууд хүүхдээ дэлгэцээс салахад чухал нөлөөтэй. Тэд байнга утсаа ухдаг хэрнээ хүүхэдтэйгээ ажиллах завгүй гэлцдэг. Хүүхэдтэйгээ ярилцдаггүй, дэлгэц ширтээд, оройжингоо суудаг. Томчууд хүртэл хортойг нь мэдсээр байж дэлгэцээс хөндийрч чадахгүй байгаа нь өнөөгийн эмгэнэл.
Бид интернэтийн үсрэнгүй хөгжлийг ашиглаж буй хэрнээ хамгаалалтын программын хөгжлөөс хол хоцорсон хэмээн IT инженер нэгэн танил минь хэлснийг ээж, аавуудад уламжилъя. Түүний хэлсэн үг үнэн аж. Товчхондоо дэлгэц томчуудыг донтуулж, тэдний үлгэрлэлээр дамжуулан ирээдүй хойчийг минь залгиж дуусах нь.