КИНО УРЛАГИЙН ТУХАЙ ТАНЫ ЗААВАЛ УНШИХ ТАВАН НОМ

2019 оны 11-р сарын 21 өдөр, 02 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

1. Шарлотт Чэндлер “Зүүд бол цорын ганц бодит зүйл”

 

Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд “Монгол хүү” хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлүүлсэн байдаг. Италийн төдийгүй хүн төрөлхтний суут найруулагч Федерико Феллинийн намтар, дурсгалын “Зүүд бол цорын ганц бодит зүйл” ном нь кино хэмээх гайхамшигт ертөнцийн гүн рүү аялахыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан юм.

Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг. Амьдран туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Италийн неореализмын үндэслэгчдийн нэг Роберто Росселлиниг даган урлагт хөл тавьсан тэр хожим Felliniesque буюу Феллини маягийн хэмээх тусгай үг, тухайлсан үзэл санаа дэлгэртэл өөрийн гэсэн зам мөрийг гаргаж чадсан суут туурвилч болсон гэдэг.

2.  Дэвид Троттиер “Кино зохиолчдын библи”

Кино зохиолыг хэрхэн бичих вэ? Бичсэн киногоо хэрхэн бүтээл болгох вэ? Тэрхүү хийсэн бүтээлээ яаж зах зээлд борлуулах вэ? гээд киног зөвхөн үзэхээс гадна хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүн бүрд ийм хүнд асуулт тулгарна. Энэ тухай “Кино зохиолчдын Библи”-д маш системтэй нягт нямбай өгүүлэх болно. Номын эхний бүлэгт зохиолын төлөвлөгөө гэж юуг хэлдэг тухай бичсэн бол хоёрдугаар бүлэгт зохиолоо хэрхэн бичих арга замуудыг зааж, дараагийн бүлгүүдэд зохиолын хэлбэр, хэв маяг ямар байх, зохиолоо хэрхэн зарах тухай бичжээ.

3.  Г.Жигжидсүрэн “25:55”

Монголын нэрт найруулагч Г.Жигжидсүрэн гуайн бичсэн уг ном Монгол киноны түүхийг бодит баримт хандлагад тулгуурлан бичсэн хамгийн далайцтай антологи. Нэг талаас 1938 оноос хойших хахир үзэл суртал, хувь хүний адармаатай жөтөөн дунд кино бүтээгчид хэрхэн тэмцэж, ямар золиосоор Монгол хэмээх кино үүсэж хөгжсөн тухай төдийлөн танил бус түүхийн өчиг. Нөгөө талаас найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1960-аад оноос өнөөг хүртэл гэрч нь болж бичилцсэн Монгол киноны түүхийг өгүүлж, түүвэрлэсэн бүтээлүүдийг өөрийн өнцгөөс тайлан уншсан дүн шинжилгээ юм.

Энэ номд Монгол киноны түүхийг харуулсан маш ховор олон тооны хар цагаан болон өнгөт зургууд, дэлгэгдээгүй баримтууд маргаан дагуулах дүгнэлтүүд, содон тайлбарууд буй.

4.  Андрей Тарковский “Хугацаан доторх хугацаа”

XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуун болсон бүтээл. Польшийн нэрт найруулагч Кшиштоф Зануссигийн тодорхойлсончлон Тарковский бол хагас зуухан жил наслахдаа угаас зуу хүрэхгүй жилийн түүхтэй кино хэмээх шинэ тутам урлагийн түүхэнд өөрийн арилшгүй мөрийг үлдээж чадсан цөөхөн суутны нэг билээ.

 

“Хугацаан доторх хугацаа” ном Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлээс бүтсэн нэг ном, ярилцлагын бас нэг номыг нэгтгэн түүвэрлэж бүтсэн юм. Энэ ном бол кино урлагт цоо шинэ үнэр, амт, уур амьсгал оруулж, дүрслэлийн урлагт шинэ хэл бэлэглэсэн суут найруулагчийн дотоод ертөнцөөр аялах аялал, уран бүтээлүүдийнх нь чин санаа, далд нууцыг нээх нээлт, киноны жинхэнэ инжааны лабораторид нэвтрэх орох үүд хаалга юм.

5. Д.Төрмөнх “АНТОЛОГ БУЮУ ГИЛРОМОЦ”

“Нохойн орон” киноны найруулагч Доржхандын Төрмөнхийн бичвэр, кино зохиолын түүвэр. Тэрбээр сүүлийн хэдэн жил бичсэн нийтлэлүүдээ, саяхан бичсэн кино зохиолуудаа эмхэтгэн нэг ном болгосон аж. Ялангуяа кино зохиолыг яг ийм байдлаар хэвлэсэн зохиол гадаад оронд ч ховор байдаг. Манайд кино бичих сонирхолтой залууст гарын авлага болох бүтээл цөөн. Киног нь үзсэн хүн уншихад бүр ч сонирхолтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх