Монголын уран сайхны кинонууд дунд сэтгэлд хоногшсон олон арван дүр бий. Эдгээр дундаас киног хамгийн ихээр шигтгэн үзэгч олны өөртөө татдаг хэсэг бол эсрэг дүрийн бүтээсэн сцени билээ. Эсрэг дүрийн баатаргүйгээр тухайн уран бүтээл давсгүй хоол л гэсэн үг. Эсрэг дүрийн баатар нь үзэгч олны зэвүүцэл, бухимдалыг чин үнэнээсээ хүргэж байна гэдэг бол тухайн жүжигчин өөрийн дүрээ яг л бодит хүн мэт маш сайн гаргаж чаджээ гэдгийг илтгэж буй явдал. Энэ удаад бид Монголын кино урлагийн хамгийн их үзэн ядагчтай буюу “шилдэг эсрэг дүр”-г танилцуулж байна.
ИСМЭЛ – “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”
Нэрт жүжигчин Б.Дамчаа агсны гэргий З.Огнио гуай нэг ярилцлагадаа:
-“Мандухай цэцэн хатан” киног хийхэд улсаас их анхаарал тавьж, уран бүтээлчид ч их хичээж байсан. Манай хүн Исмэл тайжийн дүр бүтээхдээ 52 настай байсан юм. Түүхэн ном зохиол их уншиж, заримдаа Эсмэлийн үгийг зүүдэндээ ярина. Их хичээж гаргасан дүр. “Сэлэм тэр бүр эргүүлж үзээгүй хүн, тэгээд эмэгтэй хүнтэй ана мана үзэлцэж байгаа дүр гаргана гэдэг бас ч амаргүй байна шүү” хэмээн ярьж байсан нь санагдаж байна.
Миний хань дүр аваад яаж гаргах вэ гэдгээ өөртөө тунгаан бодоод хэрэгтэй зүйлээ уншаад мэдчихсэн байдаг. Үгээ уншаад сууж байгааг нь харсан кино группынхан “За үгээ цээжлээгүй байж. Яах билээ, үгээ алдах вий дээ. Хэд дахих бол” гээд л хараад суухад “Мотор” гээд эхлэнгүүт л бүгдийг тайвшруулчихдаг байсан гэдэг. Чадварлаг жүжигчин хүн чинь хэзээ дүрээ ийм сайн ойлгож мэдэрсэн юм бол гэж бодтол нь жүжиглэдэг байсан гэдэг.
ШАГДАР – “ГАРЫН ТАВАН ХУРУУ”
Шагдарын дүрд тоглосон Лхасүрэнгийн хүү Энхбаатар “Гарын таван хуруу” киног үзсэн дурсамжиндаа:
-Би багын л их гөжүүд, зөрүүд хүүхэд байсан л даа. Жаахан загнуулчих юм бол долоо хоног гэрийнхэнтэйгээ дугардаггүй байв. Кино үзсэн биш нөгөө гөжүүд зан нь хөдлөөд аавтайгаа долоо хоног дугараагүй. Ээжээр дамжуулж аавтайгаа харьцаад л. Аавыгаа хүнтэй үнсэлцдэг кинонд тоглолоо гээд уурлаж байгаа нь тэр. Тийм л хөгтэй юм болж билээ. Харин нэг удаа манай нагац өвөөгийн хөрш нь “Танай хүргэн Мөнхөө, Осор гээд овоо дориун дүрд тоглоод байсан. Шагдар гээд муухай дүрд тоглочихжээ. Муухай харагдаж байгааг нь” гэсэн гэдэг. Аавын минь ээж, аав хоёр эрт бурхан болчихсон юм билээ. Тиймдээ ч эмээ, өвөө хоёр аавд минь их сайн. Хүү шигээ л хайрладаг байсан даа.
Ер нь аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа.
АХ ЛАМ – “СЭРЭЛТ”
З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон. Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.
Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг.
ГҮРСЭД – “ТҮМНИЙ НЭГ”, “ХҮНИЙ МӨР”
МУГЖ Навааны Дугарсанжаа орон нутагтаа мал маллан аж төрж байгаад урлагийн сургуульд орж суралцан төгсчээ. Төв, хөдөөгийн театруудад жүжигчин, дарга, найруулагчаар олон жил ажилласан байна. Анх 1943 онд “Урлал” хэмээх жүжгийн хан хүүд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн ерөөлч Гончиг, “Зам”-ын Удвал, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Алтангэрэл хаан, “Талын баатар”-ын Пунцаг, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Намсрай болон “Гэм нь урдаа” киноны Гомбо, “Түмний нэг”-ийн Гүрсэд, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Ванчин бэйл гэхчилэн тайз, дэлгэцийн урлагийн олон дүр бүтээжээ. Уран зохиол сонирхон оролдож хэд хэдэн жүжиг бичиж тоглуулсан байна. Олон арван жүжиг, концертыг орон нутгийн театруудад найруулан тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.
ДҮЛЗЭН – “АРДЫН ЭЛЧ”
“…Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм”.
ЛУТАА – “37-Р ТОЧКА”
Орчин цагийн Монголын кино урлагт жүжигчин Б.Барслхагва эсрэг дүрийн уран бүтээлээр илүү олонд танигдаж эхэлсэн. Хуучин цагийн ахмад уран бүтээлчдийн эсрэг дүрийн түүчээг энэ уран бүтээлч чадварлаг авч явж байна гэж хэлж болно.
Түүний хувьд Фантастик продакшний уран бүтээлч бөгөөд тэрбээр “Зүрхний хилэн” кинонд манж ноёны дүрийг бүтээн чамгүй олон хүний дургүйцлийг хүргэсэн час хийсэн дүр бүтээсэн юм. Тэгвэл үүний дараа дэлгэцнээ эхний бүлгээ гаргаад буй “37-р точка” олон ангит уран сайхны кинонд Лутаа хэмээх танхай залуугийн дүрийг бүтээсэн билээ. Энэ киноны II бүлэг одоогоор гараагүй байгаа ч тэрбээр хэдийнэ дүрийн үнэлгээ буюу үзэгчдээс маш олон үзэн ядалтыг хүлээн авчээ. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг бодит үзэн ядалт бус харин үзэгч олны киноны дүрд өгч буй үзэн ядалт. Түүний бүтээсэн дүр үнэхээр л олон хүнд хүрсэн нь кино сонирхогчдын ярианаас ч их гарах болжээ.
Жүжигчин Б.Барслхагва нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа:
Лутаа бол надаас шал өөр хүн л дээ. Аливаа зүйлийг хүчээр шийдэх сонирхолтой, өөрийгөө барьж хорихыг хүсдэггүй дүр. Мэдээж хэрэг, тухайн дүрийг би өөрийнхөө биеэр дамжуулж гаргахыг хичээсэн. Тэгэхээр миний мөн чанар, зан характерын шинжүүд тухайн дүрд суусан л байж таарна. Гэхдээ өөрөөсөө өөр дүр гаргахыг л хичээсэн. Чадсан болов уу, чадаагүй болов уу гэдгийг үзэгчид маань хэлэх байх.
С.Ариунбямба – АР ХУДАРГА
СТА Жүжигчин С.Ариунбямба нь Харх, Содура, Аравт, Луйвар, Үргээлэг, Ар хударга, 2000, зэрэг кино бүтээлээрээ авьяас чадвараа харуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй чадварлаг залуу уран бүтээлч юм.
Түүний хувьд анх эсрэг дүрээр үзэгч олноо танил болсон ч одоо бол голчлон түүхэн баатар эрийн дүрийг бүтээх болжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ. Өвөрмөц төрх, онцгой чадвараараа ард түмний хайртай жүжигчдийн нэг болсон С.Ариунбямба Хятадын түүхэн бүтээлд монгол хүний дүрийг бүтээснээр онцлог аж. “The Longest Day in Changan” нэртэй 48 ангитай цуврал өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна.