Д. ЖИГЖИДИЙН НЭРЭМЖИТ КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
1.2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд, мэргэжлийн боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
1.3. Кино урлагийн дээд сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм нь БСШУЯ-аас баталсан “Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм” – ийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
Хоёр. Дүрмийн нэр томъёо
2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.2.“Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.3.“Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.4. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.5. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, суралцагч сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах, боломж бүрдүүлэхийг хэлнэ.
Гурав. Багшийн мэргэжлийн эрх
3.1. КУДС багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй.
3.2. КУДС нь дүрмээрээ багшийн сургалтын эрх чөлөөг хангана.
3.3. Багш нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсан эрхээр хангагдана.
Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага
А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ:
4.1. Багш суралцагчиддаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлж, тэдний суралцах үйл ажиллагаа, сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.
4.2. Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заах ба хичээлийн стандартыг агуулгын болон арга зүйн өндөр төвшинд хэрэгжүүлнэ.
4.3. Багш суралцагчид хувь хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байна.
4.4. Багш суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг бодитой, шударга үнэлнэ.
4.5. Багш суралцагчийн хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.
4.6. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.
4.7. Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд:
4.7.1. Багшлах үүргээ биелүүлэхгүй байх
4.7.2. Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх
4.7.3. Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
4.7.4. Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
4.7.5. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх
4.7.6. Мэргэжлийн үйл ажиллагаандаа хайнга хандаж, зайлшгүй мэдвэл зохих, чадвал зохих мэдлэг, дадлыг олгохгүй байх, хийж гүйцэтгэхгүй алгасаж орхих, хичээлийн хөтөлбөрт шууд холбогдолгүйгээр хэт их ачаалал үүсгэх
4.7.7. Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах
4.7.8. Шалгалтын материалыг зориуд болон санамсаргүйгээр задлах
4.7.9. Суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
4.7.10. Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах.
4.7.11. Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах
Б. Багшийн мэдлэг , боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.8. Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө.
4.9. Багш мэдлэг, боловсрол, заах арга зүй, судалгаа, шинжилгээний чадвараа тасралтгүй дээшлүүлж, хөгжүүлэх, сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчлана.
4.10. Багш, хамтран ажиллагч багш нартайгаа өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан, тэднээс мэргэжлийн хувьд суралцахыг эрмэлзэн ажиллана.
4.11. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.
В. Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.13. КУДС-ийн багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд санаачлагатай, шударгаар биелүүлнэ.
4.14. Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журам, зааврыг баримталдаг байна.
4.15. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.
4.16. Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
4.16.1. Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
4.16.2. Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах
4.16.3. Сургуулийн багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах заналхийлэх буюу дарамтлах
4.16.4. Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримтлаж буй бодлогыг зөрчих
4.16.5. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
4.16.6. Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах
4.16.7 Байгууллага, хамт олны нэр хүндэд халдсан эсрэг суртал ухуулга явуулах
Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ
4.17. Багш хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана.
4.18. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэнэ.
4.19. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой.
4.20. Багш оногдсон эрх, үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.
4.21. Багшийн харилцааны ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:
4.21.1. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх
4.21.2. Бусад багш, хамтран ажиллагчдын мэргэжлийн чадварыг үнэлэх хувийн үнэлгээ, хувийн үзэл бодлоо бусад багш нарт болон суралцагчдад тулгах
4.21.3. Бусад багш, хамтран ажиллагчдыг ажил, үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцож, өөрийн үзэл бодлоо тулгах, суралцагчийг үнэлэх үнэлгээнд нөлөөлөх гэж оролдох
4.21.4. Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
4.21.5. Бусад багш, хамтран ажиллагчдыг үндэс , угсаа, хэл, арьс өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
Тав. Багшийн ёс зүйн зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага
5.1. Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомж, сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
5.2. Багш нь энэхүү журмын 4.16.5-ыг зөрчсөн тохиолдолд багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална.
5.3. Багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшийг хэлэлцэх, шийтгэл ногдуулах асуудлыг судлан, санал боловсруулан захиргаанд оруулах чиглэлийг КУДС-ийн багш нарын зөвлөл хэрэгжүүлнэ.